January 21, 2022

My Blog

My WordPress Blog

Монгол эрчүүдийн бодлоор хайрлахгүй байхын аргагүй эмэгтэй ийм байдаг

Энэ удаа эрчүүдээс асуусан асуулт тэдний төсөөлөлд байдаг эмэгтэйн талаар юм. Эрчүүдийн хувьд хайрлахгүй байж боломгүй эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх вэ? Хачирхалтай хариултууд дундаас хамгийн онцой гэснийг нь түүвэрлэлээ.

Эрчүүдийн өчил: Хайрлахгүй байхын аргагүй эмэгтэй гэж миний бодлоор …

1. Ихэмсэг, донжтой, ухаалаг бүр цаанаасаа л төрчихсөн гэмээр ухаантай эмэгтэйчүүд байдаг даа! Би бол ухаалаг эмэгтэйчүүдэд ухаанаа алдтал дуралдаг хүн. Яаж ч бодсон хайрлахгүй байж болохгүй. 28 настай Б

2. Өхөөрдөм зан ааштай, хүүхэд шиг гэнэн цайлган зантай эмэгтэй хүнд надад таалагддаг. Гэхдээ Солонгос кинон дээр гардаг шиг бол биш. Манай Монгол охид яг өөрийнхөөрөө зөрүүд юм шиг мөртлөө ярьж, хийж байгаа бүхэн нь цаанаа л нэг хүүхэд шиг санагддаг шүү. 24 настай Ө

3. Намайг хүндэлдэг бас өөрийгөө маш сайхан авч явдаг тийм эмэгтэйг л юм даа. Сайхан хайр гэдэг чинь хүндлэл шүү дээ. 32 настай Х

 

4. Гол нь арчилгаа л даа. Хүнийг хайрлаж арчилж чаддаг хүн чинь өөртөө хайртай хүн байдаг. Өөртөө хайртай эмэгтэйг л хайрлаж амьдарна. 27 настай Э

5. Цаанаасаа л нэг сайхан эерэг энергитэй, сэтгэл татам инээмсэглэдэг, хүнтэй хэл амаа эвтэйхэн олчихдог бүсгүйчүүд бүр нэг хүндэлмээр санагддаг. Гэрийн эзэгтэй болох юм бол манай айл гэр ч их л сайхан гэрэлтсэн болох байх даа гэж төсөөлж бодсон эмэгтэйг л хайрлах хэрэгтэй! Хүн чинь тэгээд насны ханиа л хайрлаж амьдарна шүү дээ. Хайр татам олон сайхан дундаас ханилж байгаа хүн маань л хамгийн сайхан нь гэж эрчүүд минь бодож явах хэрэгтэй. 36 настай Т

6. Царай зүс нь сайхан байх нь зүгээр ч гэлээ ааш зан нь сайнгүй бол хайрлаж амьдрах нь юу л бол. Тэгээд хэрүүл уруул болоод л хоёр тийшээ болдог. Тиймээс хайр татсан эмэгтэй гэж сайхан ааштай, хүлээцтэй, тэвчээртэй эмэгтэйг л хэлнэ. 31 настай С

 

7. Яг л өөрөөрөө байгаа бүсгүй хүн л хүний хайрыг татна. Өнгөн дээрээ сайхан царай зүстэй, бие галбиртай байх нь хамаагүй. Цагийн аясаар эр хүн чинь эм хүний гоо сайхан биш хүн чанар, хүнлэг сэтгэлтэй нь ханилж үлддэг юм. 49 настай Р

8. Цовоо цолгиун, өөртөө итгэлтэй, гэрэлтсэн харцтай нэг тийм сайхан ааштай, үзэсгэлэнтэй байхад л ухаанаа алдтал дурлана даа. Гэхдээ хайрлахгүй байхын аргагүй эмэгтэй бол миний ээж шүү дээ! Дээрх бүх тодотгол миний ээжид л байдаг байх. Тэгээд бодохоор ээж шигээ л бүсгүйг ирээдүйд хайрлана. 25 настай Ц

9. Их сонин, сайхан эмэгтэй гэхээр урт үстэй эмэгтэй л санаанд буугаад байдаг юм. Хайрлахгүй байхын аргагүй гэхээр бас л урт үстэй эмэгтэй л толгойд буугаад байна. Манай эхнэр чинь өтгөн, хар, урт үстэй сайхан бүсгүй байдаг юм. Тэрнээс л болоод эмэгтэй хүн гэхээр эхнэрийн үс л шууд харагддаг юм байх. Миний эхнэр чинь урт үстэй, дуу шуутай, уурлахдаа хүртэл үгээ залгилгүй, аажуу тайван хэлж ойлгуулж чаддаг ухаантай бүсгүй. Хайрлахгүй байхын аргагүй болохоор нь л хайрлаад аваад суучихсан юм. 41 настай Р

10. Анхны хайр шиг минь бүсгүйг л хайрлахгүй байхын аргагүй эмэгтэй хүн гэж хэлнэ. Одоо хүртэл түүний инээх дуу нь мартагддаггүй. Хайрлахгүй байж чадаагүй. Гэхдээ хайрыг минь дааж бас чадаагүй. Нэг л өдөр хүнийх болоод харийн газарт нисчихсэн дээ. Одоо бодоход инээдэнд нь ухаангүй дуралсан бололтой. Сайхан инээдэг эмэгтэй хүн их хайр татам байдаг шүү! 30 настай О

Энэ нийтлэлийг бэлдэж байхад надад ингэж бодогдлоо. Эмэгтэй хүн эмэгтэйлэг, өөрийгөө хайрладаг байхдаа л эрчүүдийн хайрыг татдаг юм байна гэж…