January 21, 2022

My Blog

My WordPress Blog

Монгол Улс анх удаа АГААРЫН АВРАХ АНГИ-тай боллоо.

Монгол Улс түүхэндээ анх удаагаа АГААРЫН АВРАХ АНГИ-тай болж ОБЕГ-т “Агаарын аврах ажиллагааны нэгж” байгуулан агаараар эрж хайх, яаралтай тусламж үзүүлэх цоо шинэ 2 нисдэг тэрэгтэй болж байна.

Агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн албанд ашиглах 4 нисдэг тэрэгнээс “EC-145” маркийн 2 нисдэг тэрэг нь Замын-Үүдийн боомтоор орж иржээ.

Дээрх нисдэг тэргүүдийг “Хэли-Юнион” компаниас нийлүүлж байгаа бөгөөд эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлын хүрээнд Францын төрийн сангийн зээлээр манай улс худалдан авч байгаа юм байна.

Энэхүү нисдэг тэргийг түймрийн үеэр болон яаралтай аврах ажиллагааны үеэр ашиглана. Нисдэг тэргийг жолоодох 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг бэлтгэн сургаж байна.

Агаарын аврах анги бүрдүүлэх төслийг нийт 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан санхүүжүүлж, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн, 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон байна.

ОБЕГазар буюу Монголын аврах албыг сүүлийн 30 жилд байгаагүй техникжсэн хүчирхэг анги болгох энэ нисдэг тэрэгний асуудал бүр 2017 оноос үүдэлтэй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл 017 оны 11-р сарын 29-нд Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх асуудлыг судлахаар Францын талаас өргөн бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад айлчилж байсныг санаж байна.

2017 оны 9-р сард Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд БНФУ-д ажлын айлчлал хийж МУ-ын Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий удирдах газар хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчилж Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх чиглэлээр яриа хэлэлцээрүүдийг хийж тодорхой саналуудыг тавьсны үр дүнд Франц Улсын төлөөлөгчид Монгол Улсын Онцгой байдлын алба, аврах ангийн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцахаар 2017 оны 11-р сарын 29-нд Улаанбаатарт ирж байсан юм.

Тэрхүү айлчлалын багт Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Иргэний хамгаалалтын атташе, дэд хурандаа Фрэдэрик Ломм, БНФУ-ын “Софэма” группийн дэд ерөнхийлөгч ноён Франсуа Фрэдэрик Тиссеран, нисдэг тэрэг хариуцсан мэргэжилтэн ноён Марк Монжу, “Дэсотэл” группийн экспорт хариуцсан захирал ноён Марк Ларив, гал унтраах тусгай зориулалтын машин үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Алайн Пэррү нар багтаж байжээ.

Ийнхүү 2017 онд ирж судалсан нөхцөл байдлын шинжилгээндээ үндэслэн 4 жилийн дараа агаарын аврах анги байгуулах төсөлд дэмжлэг үзүүлж байгаа энэхүү үйл явдал нь Францын төр засгийн тогтвортой бодлого, амласан амлалтандаа хүрдгийн том баталгаа болж байна.